Wednesday, December 9, 2009

Титэм үг ДАМЫН ҮГ ДАМЖИГТАЙ



Дамын үг дамжигтай, дамжсан үг сэжигтэй гэх болгоомж сэрэмжлүүлэг тээсэн алтнаас үнэтэй, алдаагүй үнэн үг бий. Дамын үг дамжигтай гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ дамын үгээр үг хийсэн хэчнээн олон хүний ган бат нөхөрлөлд ан цав сууж, мөр мөрөө түшсэн үерхлийг нь мөсөн ханаар заагласныг тоолох аргагүй. Хор шингээсэн дамын үг хорвоо дэлхийг ч түймэрдэх аюултай.

Атаа хорсол нэвчсэн дамын үг айл гэрийг ч түйвээнэ, анд нөхдийг ч хагаралдуулна. Үгний өөд урууг ялгаж салгаж ойлгоогүйгээс гомдол гоморхлын мөнх цэвдэг, мөсөн гол үүсэх осолтой. Үгэн дотор үг, үхэр дотор тугал бий гэж ярьдаг. Үг бүрээс өө эрэн мугуйдлавал өөрийнхөө хүссэнийг олох нь эргэлзээгүй. Олсон тэр олз нь тус биш, ус болж, баяр хөөрийг бус уур уцаарыг сүүдэр мэт дагуулах болохоор үгнээс өө эрж өөрийгөө зовоох хэрэггүй. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо гэдэг. Тэмээ гэвэл ямаа гэх, тэнгэр гэвэл газар гэх тэс хөндлөн ярих хүнтэй үг хэлэлцэж, үнэн учрыг олох түвэгтэй.

Сөрж дуугаран, зөрж үйлдэх нь амьдралынх нь хэв маяг, хэвшил заншил болсон зөрүүд мугуйд хүнтэй зөвшин тохирч, зөв бурууг ялгахад хэцүү. “Хэрүүлд хоёр хүн хэрэгтэй. Хэзээ ч тэдний нэг нь болохгүй байхыг хичээ”. Үг сөрж хэрүүл өдвөөс уур уцаараас өөр олох олдвор, хожих хожвор үгүй. Хэрүүл өдөж, дургүйг чинь хүргэсэн, сэтгэл нь хямарч, зовлонд түүртсэн хөөрхийлөлтэй түүнийг хайрлаж чаддаггүй юмаа гэхэд харамсан өрөвд. Уур хилэнгээ барьж сур. Уураа хэлээрээ гаргадаг хүн аалзны торонд орсон ялаа мэт гай зовлонгийн торонд барьцалдан орооцолдоно. Уур, гомдол дагуулна. “Гомдсоныхоо төлөө өшөө авснаас хайхрахгүй байх нь их төлөв дээр байдаг. Өршөөж чадвал өөрийн чинь хүчин чадал өсөх болно”. Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярлаж суудаг. Өөрсдийнхөө зовлонгоор бусдыг баярлуулах хэрэгцээ шаардлага бий гэж үү? Хэрэлдэж байгаа хоёр хүний аль ухаалаг нь буруутай гэсэн үг бий. Заавал буруутан болох хэрэг байгаа гэж үү? Хэрсүү ухаалаг байж хэрүүлээс холхон яв.

Хүний хэлсэн ярьсныг зөв талаас нь ойлгож, болох талаас нь бодож сурах нь залуу хүн бүрийн эзэмшвэл зохих сайн чанаруудын нэг. “Бусад хүмүүсээс мууг нь биш, ямагт сайн талыг нь эрэлхийлэх хэрэгтэй”. Хүний сэтгэлд сэв суулгах хүйтэн хөндий дамын үг бусдад бүү дайж явуул. Үнэн худал нь үл мэдэгдэх ховын шинжтэй хорон үг дам дамаа, дайгдан дамжин чамд сонсогдвол нэг чихээрээ оруулан нөгөөгөөрөө гарга, үг болгон бүү шингээ, бодол болон бүү цухалд. Адгийн хорлонтой дамын үг бол хорт могойн толгойтой хов жив юм. Хов зөөх, ховоор хооллох хоёулаа хорлол шингээсэн муу муухай, бузар булай үйлдэл. Хов жив олон хүний ам дамжих тусам муу үгээр баяжиж, хор нь тун тунгаар нэмэгдэнэ. Ховч, хүний мууг хаман цуглуулж хачирлан баяжуулж ялаа ялгадсаа гадагшлуулах мэт цацна. Ховын тулам болсон хүнд үг бүү дуулга, ховчийн ярьсан яриаг хэрэг болгож бүү сонс. Хов ихэдвэл хэрүүл болдог тул хов живээс холын хол байж хэрүүлийн бузраас зайлна. “Бусдын талаар хов жив шивэгнэж буй хүнийг гэрээсээ бушуухан хөөж гарга”. Хов цуурхал хаанаас эхтэй, хаагуур дамжив гэж мөрийг мөшгин хөөцөлдөх ямар ч шаардлагагүй. Хайран сайхан цаг заваа хэрэггүй хоосон үрэхийн нэмэр. “Хов цуурхалд өгөх хамгийн сайн хариу бол түүнийг үл ойшоон дуугүй байх арга юм”.

“Үнэн хэчнээн гашуун байсан ч чих тавин сонс”. Үнэнийг сонсъё гэж үнэхээр хүсч байгаа бол айж бэргэхгүйгээр чөлөөтэй ярих боломж олго. “Юмыг хэчнээн нууж хаана, утгагүй балай цуурхалд төдийчинээ их хоол бэлтгэнэ гэсэн үг”. Чиний хазгай гишгэснийг, чамд бугшсан дутагдлыг илүү үггүй ил хэлж байгаа хүнд бүү өширхө. Тэр чиний дайсан биш, дутагдлыг нүүрэн дээр чинь ил хэлж чадахгүй дүлэгнэж суугаа ойрын найзаас хавьгүй дээр нөхөр. Хүн болгоны амыг таглаж чадахгүйгээс хойш хазгай хэлтгий ярьсан хэлсэн бүхний араас яршиг болгон битгий нэх. “Бусдын тухай базаахгүйгээр, өөрийн чинь тухай сайнаар ярьж байгаа хүмүүсийг хэзээ ч бүү сонс”. Өнөөдөр чамд хүмүүсийг муу хэлж суугаа хүн маргааш чамайг хүмүүст муугаар ярина. Юм юманд хошуу дүрсэн илүү үгтэй хүнээс холхон зай барь, илүү үггүй ил шулуухан хэлчихдэг хүнтэй ойрт. “Ил үг: эрэмгий шударгын жор, илүү үг: эмгэн шулмын шор” хэмээн хэлсэн их найрагчийн мэргэн үгнээс санаа авууштай. “Олны дунд байтугай ганцаараа байхдаа ч гэсэн ямар нэг муу зүйлийг бүү ярь, бүү хий. Бусдаас биш өөрөөсөө ичиж сур”. Өөрийнхөө ам алдаж хэлсэн алдастай үг, буруу үйлдсэн ичгэвтэр үйл, буруугаар бодсон гэнэн бодлоосоо ичих мэдрэмжтэй байна гэдэг нь ухаантайн шинж. Тэнэг хүмүүсийн ичих булчирхай нь хатаж ширгэсэн байдаг юм.

Юманд учир, модонд мөчир бий. Учрыг нь олж, хужрыг нь тунгаагаагүй байж сайхан сэтгэлээр сайн санаж хэлсэн үгийг салхиар дамжуулан сонсчихоод муугаар ойлгон гоморхох ухаан муу, ухвар мөчид үйлдэл бүү гарга. Гаргасан бол алдаж бодсон урагшгүй үйлдлийнхээ төлөө аврал эрж уучлал гуйж сур. Нүглээ наманчлан уучлал гуйх, нүгэл хураан дуугүй өнгөрөөх хоёрын хооронд тэнгэр газар шиг тэс өөр үр дүн гарахыг тэртэй тэргүй чи өөрөө үзнэ. Өөрийнх нь төлөө сайн санаж хэлсэн үгэнд өрвөлзөж, шарвалзах нь сайны шинж биш. Дамын үгээр үг хийж салшгүй сайн нөхрөө марташгүй муухайгаар гомдоов!

Сайн нөхдийн хооронд яс хаясан санаа муутны хорт үгэнд битгий илбэдүүл. Булууны ясыг ноход булаацалдан хэмлэлддэг болохоос бузар шингэж чөтгөр шүглэсэн муу үгийг нөхөд булаацалдан уралцах учиргүй. Далд гоморхон яваа зүйлсээ ил гарган сэтгэлээ нээн, дотроо онгойтол ярилцах аваас хорон санаа агуулж хов хутгасан хорлонт үйлийн үндсийг таслан, гомдсон гомдлоо тайлж, гундсан сэтгэлээ сэргээнэ. Тэр цагт удаан үргэлжилсэн ганг тайлсан хур борооны шимд баярлахтай адил сэтгэлд хургасан ган гачиг тайлагдаж баяр хөөрөөр бялхана.

Чамайг хайрладаг, чамайг хүндэлдэг бүх хүмүүст урмын үг харамгүй хэлж заншвал халуун бүлээн уур амьсгал эргэн тойронд чинь ноёлоно. Цагийг нь олж, сэтгэлийн гүнээс оргилж хэлэгдсэн урмын үг жаргалыг дэврээж, зовлонг ширгээх увидастай. Урмын үг чамаас сонссон хүн борооны дараах цэвэр цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах мэт болно. Бусдад тусалсан сайн үйлс бүхнийхээ талаар сайрхан ярих нь зохисгүй, тус болсны хариуд урам магтаалын үер буулгаасай гэж хүлээх нь бүр ч зохисгүй. Ач тусын талаар үзүүлэгч нь бус, хүртэгч нь ярьж байх алтан дүрмийг ямар ч нөхцөлд зөрчиж болохгүй. Бусдад тусалсан бол наймаа арилжаа хийж, өгөө аваа ярьж байгаа биш хариу тус горьдон хүлээх хэрэггүй.

“Хортой хүмүүстэй уулзаж, тэднийг сонсох нь хортой үйл хэргийн эхлэл нэгэнт болдог” тул тийм хүмүүсээс хол байх нь өлзийтэй. Хорон хэл ам ирт мэснээс аймшигтай гэдэг. Бусдыг гомдоохын одонд төрчихсөн юм шиг хорон хэл амтай хүмүүс энд тэнд мэр сэр бий. Тэд бусдын зүрх сэтгэл рүү зүүгээр шивэх мэт хорон үгтэй. Давс шиг шорвог, чинжүү царвангийн хандыг цөстэй хамт хольж хутгасан мэт гашуун үгээр бусдыг булна. Доромжилж тохуурхсан харцаар ширвээдэж, дорд үзсэн хөх инээдээр тавлана. Бас, аман дээрээ ачит бурхан, ачир дээрээ хорт могой шиг хүмүүс ч цөөнгүй. Тэдний өнгө нь ил, өргөс нь далд байдаг болохоор бүр аюултай.

Гүтгэж гүжирдэх хорт явуулгад гаршиж мэргэшсэн хүн төрхт араатнуудаас зай барьж, болгоомжлон сэрэмжил. Гүжирдлэг мэдээж булай хэрэг. Хийгээгүйг хийсэн болгож, хэлээгүйг хэлсэн мэтээр элдэвлэж, замаараа гэмгүй яваа хүний ариун нэр төрийг заваан шавар шавхайд хутгаж бохирлох хорт санаа агуулдгаараа гүжирдлэг бузар булай зүйл. “Гүтгэлэг нь сэлэмнээс илүү аюултай зэвсэг, яагаад гэвэл түүний шарх ямагт эдгэшгүй байдаг”. Гүтгэлэг, гүжирдлэгийн тэжээлээ авч оршин амьдрах шимт орчин нь атаархал. Атаархал хэмээх албин хороо цацах арга нь гүтгэлэг, хов жив. Атаархал, гүжирдлэг хоёр ихэр ижил гажиг юм. Өөрөө хар муу санаж бусдыг гүжирдэх, бүтэлгүй нэгний захиас турхиралтаар хүнийг гүтгэх аль аль нь арчаагүй, сул дорой хүмүүсийн гаж үйлдэл. Зуурын үг зуун худалтай байдаг болохоор зуурын үгэнд ч, зууж занасан гүжирдлэгт ч итгэж болохгүй. Гүжирдлэгт итгэсэн сайн нөхөд хоорондоо тангараг тасарч, салж хагацсан гашуун бөгөөд эмгэнэлт тохиолдол харамсалтай нь цөөнгүй. “Гүжирдлэгийг бүү тоомсорло, тэгвэл тэр нь хатаж хатангиршдаг” юм. Дамын үгийг хүлээн авч сонсохдоо ч, дамжуулж цааш нь хэлэхдээ ч хашир хянамгай хандаарай.

No comments:

Post a Comment