Sunday, December 6, 2009

Монголын нүүдэлчид ба 2009 оны Нобелийн шагнал



2009 оны Нобелийн шагналын эзэд тодроод удаагүй байна. Энэ жил эдийн засгийн салбарт хоёр хүн тус шагналыг
хуваалцав бололтой. Шагналын хагасыг Калифорнийн их сургуулийн Оливэр Виллиамсон хуртсэн бол нөгөө хагасыг нь Индианагийн их сургуулийн Элинор Остром хүртжээ.
Виллиамсон зах зээлийн эдийн засагт аж ахуйн нэгжүүдийн үүрэг роль болон тэдний оршин тогтнох үндсэн шалгаануудыг судалсан бол Остром дундын хэрэгцээний эд баялгуудыг заx зээлийн бус замаар гэхдээ зах зээлээс илүү оновчтой маягаар удирдаx арга замуудын талаар судалгаа хийсэн байх юм.
Нэг талаас тус салбарт шагнал хүртсэн анхны эмэгтэй гэдгээрээ, нөгөө талаас уул нь мэргэжлийн хувьд эдийн засагч биш харин нийгэм, эргэншил болон улс төр судлал зэрэг нийгмийн ухааны бусад салбарт мэргэшсэн хүн учраас, хадагтай Остром олны анхаарлын төвд байгаа бололтой. Гэхдээ шагнал авах шалтгаан нь мэдээж түүний хийсэн ажил байсан бөгөөд тэрбээр мэргэжлийн эдийн засагчдийн олон жил шийдэх гэж оролдож буй нэгэн сонгодог асуудалд шинэ шийдэл санал болгосон юм. Заx зээлийн эдийн засаг нь эдийн засгийн бусад зохицуулаттай харьцуулбал нилээд олон талаараа илүү сайн гэсэн ерөнхий ойлголт эдийн засагчдийн дунд хүлээн зөвшөөрөгддөг хэдий ч, зарчмын хувьд зах зээл нь нийгмийн бүх хэрэгцээг дангаараа хангах чадвартай эсэх, мөн түүнчлэн тийм чадвартай байсан ч гэлээ бүх салбарт адилхан амжилттай байж чадах эсэх нь маргаантай асуудал бөгөөд хэрэв зарим нэг салбарт зах зээлийн зохицуулалт хангалтгүй гэж үзвэл тухайн салбарыг яаж оновчтой зохицуулах вэ гэсэн асуудлууд одоогоор бүрэн шийдэгдээгүй байгаа юм.
Үүнтэй шууд холбоотойгоор, аж үйлдвэржсэн барууны орнуудад хүртэл нэг хэвийн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн капитализмийн загвар байдаггүй бөгөөд Америк маягийн зах зээл дийлэнхтэй капитализмаас эxлээд Швед маягийн төрийн оролцоотой капилализм хүртэл янз бүрийн тохироонууд нэгэн зэрэг оршиж байдаг. Асуудлын гол нь, хувь хүн болон хувийн өмч төвтэй систэм, нийтлэг хэрэгцээг хангах болон нийтийн өмчийг удирдах тал дээрээ маруухан байдагт байгаа болов уу. Нийтлэг хэрэгцээ гэдэг нь, хэрэв тухайн хэрэгцээг хангах ямар нэг зохицуулалт байвал, хүн бүгд л адилхан хэмжээнд ашиглах боломжтой байдаг буюу бусдыг тухайн үйлчилгээний хэрэглээнээс гадуурхах боломжгүй байдаг онцлогтой. Жишээ нь, улс орны батлан хамгааллаас тухайн улсын иргэн бүр адилхан хувь хүртэх бөгөөд хэрэв аль нэг хэсэг бүлэг хүн тухайн үйлчилгээг өөрийн хөрөнгөөрөө худалдаж авбал, үлдсэн хэсэг нь тэдний худалдаж авсан үйлчилгээнээс үнэгүй хувь хүртэх боломжтой болно гэсэн үг. Нөхцөл байдал ийм учир, хэн ч тухайн үйлчилгээг хувь хүний хувьд худалдаж авахыг хүсэхгүй бөгөөд ийм үйлчилгээний солилцоо явагддаг зах зээл оршин тогтнох боломжгүй юм.
Харин нийтлэг өмчийг удирдана гэдэг нь арай өөр учир шалтгаанаас үүдэн бас л зах зээлийн дангаараа чадахгүй зүйлд тооцогдоно. Энд, нийтлэг өмч гэхлээрээ, хүн бүрийн чөлөөтэй хүртэх, ашиглах боломжтой зүйлүүдийг хэлж байгаа юм. Жишээ нь, бидний хүрээлэн буй орчин, агаар уснаас эхлээд ёс заншил, хэл гэх мэт зүйлс нийтлэг өмчид тооцогдоно. Эдийн засгийн талаасаа, өмч нийтийнx болохоороо, нэг талаас хүн бүр хайхрамж муутай ханддаг (агаарын бохирдол, дэлхийн дулаарал г.м), нөгөө талаас, эднийг хэрэглэх нь хүн бүрт нээлттэй учир хүн бүр өөрт хэрэгцээтэйгээсээ илүү ихийг хэрэглэх хандлагатай байдаг буюу, ямар нэгэн зохицуулалт байхгүй бол, эд баялгийн зохистой хэрэглээний тохироо алдагддаг юм.
Эдийн засагчид ихэнхдээ дээрх хоёр асуудалд хоёр үндсэн шийдлийг санал болгодог. Нэгд, зах зээл төвтэйгөөр, гэхдээ төрийн оролцоотойгоор шийдвэрлэх, хоёрт, төр дангаараа хариуцах (өнөөдөр Америкчууд эрүүл мэднийн систэмээ шинэчлээд байна шүү дээ). Гэдээ аль нь илүү сайн шийдэл вэ гэдэг асуудал одогоодоо шийдэгдээгүй байгаа бөгөөд тэр ч бүү хэл энэ хоёрын аль нэг нь асуудлыг найдвартай шийднэ гэсэн баталгаа ч гараагуй байгаа юм. Яг энэ мөчид Остром, нийтийн өмчийг удирдах гурав дахь арга зам байгааг, бас тэр арга зам нь олон газар, олон зууны туршид идэвхтэй мөрдөгдөж, түүгээр ч үл барам дажгүй сайн үр дүн өгч ирснийг нийтэд таниулж, тухайн механизмийг (яаж ажилладаг, ямар үр дүн өгдөг г.м) шинжлэх ухааны үүднээс судалсан бололтой. Түүнийхээр бол дэлхийн зарим хэсэгт, нэн ялангуяа орон нутгийн чанартай, уламжлалт маягаар амьдардаг хүмүүс, нийтлэг өмчийг ашиглаглахдаа төрийн оролцоогүйгээр бас зах зээлээс ч хамааралгүйгээр, өөр хоорондоо эв найртайгаар мөн эдийн засгийн талаасаа туйлын зөв зохистойгоор байхаар тийм зохицуулалтууд хийж ирсэн гэнэ.
Үүний нэг тод жишээ нь Монголын нүүдэлчид бөгөөд тэд олон зууны турш, тэдний дундын өмч болсон бэлчээрээ тун зөв зохистой ашиглаж иржээ гэж Остром нэг судалгаандаа манай уламжлалын тухай бичсэн байх юм.
Эцэст нь хэлэхэд, миний хувьд Остром, эдийн засагч биш байж эдийн засгийн салбарт шагнал хүртсэн аль эсвэл шагнал хүртсэн анхны эмэгтэй гэхээсээ илүүтэйгээр, миний өвөг дээдсийн өв уламжлалыг тодорхой хэмжээгээр судалж, зах зээл төвтэй капитализмын шийдвэрлэж чадаагүй асуудлыг монголын нүүүдэлчид гэх мэт эгэл жирийн ард түмэн тодорхой хэмжээгээр шийдчихсэн байна гэсэн санаа дэвшүүлсэндээ, тэр санаа нь үнэлэгдэж шагнал хүртсэндээ туйлын онцлогтой. Мэдээж, энэ нь дэлхий нийтэд манай өв уламжлалаас суралцах юм байгааг хэлээд зогсохгүй, шинээр капитализм байгуулж буй бидэнд, яг юуг бүтцийн хувьд шинчлэх хэрэгтэй, юуг хадгалж үлдэх хэрэгтэй вэ гэсэн зайлшгүй асуудалд хандах хандлагад маань хувь нэмэр оруулж байгаа болов уу.

No comments:

Post a Comment